Тавилга таны сэтгэл зүйд…

Гэрийн гадаад болон дотоод орчинг бүрдүүлдэг тавилга нь гэр бүлийн уур амьсгал, амьдралын идэвхид шууд нөлөөлдөг онцлогтой. Та тавилга худалдан авахын өмнө өрөөний орон зай,  өөрийн ааш араншинтай тохирох эсэхийг бодолцох нь чухал.  Хивс, хөшиг, гэрэлтүүлэг, зураг, ханын өнгө зэрэг нь бүгд таны сэтгэл санаанд нөлөөлөх хүчтэй. Ихэнх хүмүүс интерьер заслыг зөвхөн өрөө тасалгаа, гэр орныг чимэглэх явдал гэж үздэг. Гэвч мэргэжилтнүүд “Бүх өрөө өөрийн гэсэн уур амьсгал, орон зай мөн ямар үзэл бодол, зан ааштай хүн амьдрах вэ?” зэргийг эргэцүүлэн бодох хэрэгтэйг онцолдог. Тиймээс энэ удаа тавилга таны сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдөг тухай хүргэхээр бэлтгэлээ.

 

Орон зай: Дүүрэн тавилгатай өрөө зай ихтэй өрөөнөөс илүү хүний зан байдалд сөрөг нөлөөтэй. Тухайлбал зайгүй мэдрэмжийг төрүүлдэг хүчин зүйлд намхан тааз, жижиг цонх, байгалийн гэрэлгүй бүгчим халуун байх зэрэг хамаатай. Хэрвээ эдгээр орчин хамт бүрдсэн бол хүний зан төрхийг бухимдангуй болгож гэр бүлийн хүмүүсийн харилцаанд бэрхшээл учруулдаг. Тухайлбал хоолны ширээг дэндүү том байхад анхаарах биш сандалын тав тухлаг байдалд анхаарвал зохино.

 

Үнэр: Тааламжтай үнэр нь тухайн өрөөний гоо үзэмжийг нэмэгдүүлж чаддаг бол эсрэгээрээ тааламжгүй үнэр ямарч төгс орон зайг гутаадаг байна. Шинэхэн кофений үнэр, дөнгөж барьсан талхны үнэр гэрийг илүү урин дуудсан, сэтгэл татсан болгодог бол хурц хүнд хоолны үнэр нь эсрэг үйлчилгээтэй. Анхилуун үнэртэй цэцэг, лаа мөн сайхан хоолны тусламжтайгаар гэр бүлээ илүү амар амгалан болгож чадна.

 

Гэрэлтүүлэг: Хүнийг тайван чөлөөтэй, нээлттэй ярихад тухайн өрөөний гэрэлтүүлэг нөлөөлж чаддаг. Японы Токио хотын Нихон Их Сургуулийн Шинжлэх ухаан, хүмүүнлэгийн дээд сургуулийн судалгаагаар бүдэг бүүдгэр гэрэлтүүлэг хүнд илүү тайвшруулсан мэдрэмж төрүүлдэг бол өрөөний гэрэлтүүлэг гэгээтэй байх тусам харилцагчийн сэтгэл татам байдлыг нэмэгдүүлж хувь хүнийг илүү нээлттэй болгодог байна. Гэрэлтүүлэг хүний зан байдалд хэрхэн нөлөөлж байгааг харуулах тод жишээ бол гал тогооны өрөө юм. Хоолны дуршилаа сайжруулжах, дотно уур амьсгалыг төрүүлэхэд тань бүдэг гэрэл, чимээгүй орчиг хачир болж өгнө.

 

Чимээ: Хэт чанга дуу чимээ нь гэр бүлийн уур амьсгалд муу нөлөөтэй. Компьтер, хөргөгч, чийдэнгийн чимээ, гудамжны машины чимээ тухайн хүнийг ямар өрөөнд байхаас үл шалтгаалан бухимдал төрүүлж, стресст оруулдаг. Тиймээс уншигч та унтлагын өрөөндөө компьтер болон утас, электрон хэрэгсэл тавихаас аль болох татгалзах хэрэгтэй.

 

Өнгө: Өнгөний нөлөөллийн талаар маш их судалгаа хийгдсэн байдаг. Хамгийн энгийн түвшинд, улаан өнгө бол эрч хүчтэй, анхаарал татдаг бөгөөд хүсэл тэмүүлэл, хайр дурлалтай холбоотой. Харин цэнхэр өнгө хүнийг тайвшруулж, итгэл найдвар төрүүлдэг, Ногоон бол байгалийн өнгө бөгөөд нүдийг ядраадаг боловч шар өнгөтэй харьцуулахад нүдэнд илүү амар, анхаарал төвлөрөхөд тустай. Цайвар зэвхий өнгөнүүд өрөөний орон зайн мэдрэмжийг нэмэгдүүлж, зайг илүү томсгож харагдуулдаг. Тиймээс та өрөөнөөсөө ямар мэдрэмж авахыг хүсч байгаагаараа өнгөө сонгож, тохижуулаарай. Гэхдээ 3 буюу түүнээс олон өнгийн тавилга нэг өрөөнд байхад сэтгэлзүйн хувьд ачаалал, дарамт болдог хэмээн мэргэжилтнүүд сануулж байна.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих