Уг номыг Монголд улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хохирогчид, тэдгээрийн ар гэр, үр хүүхдэд зориулан бичжээ. Зохиолд хөдөөгийн залуу сайхан бүсгүй Сэндмаа, хийдийн идэр лам Баасан нарын ээдрээтэй хайр дурлалын түүхээр ороо бусгаа нийгэм, аймшигт аллага, яргалал, гэмгүй олон мянган лам, хар хүмүүсийг хэрхэн хоморголон хороосон, тэр цаг үед яг юу болсон, үйл явдлын золиос нь хэн байсан, тэр бүгдээс хэн хожиж, хэн хохирсон талаар өгүүлнэ.
-Үзэсгэлэнт сайхан Үүрийн голын эрэг дээрх Ховчилтой хэмээх буйдхан хөндийн цэцэг алагласан нугын өвсөн дээр зуны дэлгэр өдөр лам дээлтэй нэгэн залуу завилан сууна. Түүний цэвэрхэн халзан толгой наранд гялалзан, өндөр хүзүү нь бөхийж, залуу ламтан ямар нэгэн зүйлд хичээнгүйлэн тонгойсон харагдана. Өвдгийг даван унжсан улаан орхимжит өвөр дээр нь дөрвөлжин самбарт дэлгэсэн бурхны зураасан зураг байх ажээ. Залуу ламыг Баасан гэх бөгөөд тэрбээр Даян дээрхийн сахиус хэмээх догшин бурхны дүрийг нарийн үзүүрт бийрээрээ шунхалж буй нь энэ. Будагтай аяга, бийрийнхээ дунд суусан Баасан лам өнгө будгийг нямбайлан оруулж байтал бүдүүн чанга дуутай дүү нь анхаарал хичээнгүйг нь гэнэт сарниулав.