ТАНИН МЭДЭХҮЙ: Улаан номонд орсон дархан цаазат амьтдаас

АЗИЙН МИНЖ

Азийн минж нь хөхтөн амьтны аймгийн мэргэчдийн баг болох минжийн овогт багтдаг. Манай орны мэрэгчдээс хамгийн том нь бөгөөд сүүлээрээ ус балбаж чимээ гарган бусдадаа дохио өгдөг.Булган голын өтгөн бургас, харгана шугуй бүхий урсгалтай хэсэгт байнгын нүхэнд байршдаг. Биеийн урт нь 100см, жин нь 30 кг цайвар бор хүрэн зүстэй, сахлаг өтгөн ноолууртай,хайрсаар хучигдсан хавтгай сүүлтэй. Монгол нутагт Булган гол Дашванжил уулаас улсын хил хүртэл нутагладаг. 1930 оноос Монгол улсад минж агнахыг хуулиар хориглон дархалсан. Булган голын минжтэй зурвасыг 1965 онд дархалж минжийг хамгаалах арга хэмжээ авсан. Минж дэлхийн зургаан оронд үлдсэний нэг нь Монгол орон юм.

 

ЦАА БУГА

Бугын овгийн хос туурайт хөхтөн амьтан. Эмийг согоо, эрийг этэр, төлийг хугаш гэнэ. Цаа бугын биеийн урт нь 220 см, жин 220 кг. Өвөл цайвар өнгөтэй, зун нь хүрэн буурал өнгөтэй,болон хувирдаг. Богино үстэй, том эвэртэй, толгой багавтар, чих охорхон. Европ, Ази, Америкийн хойд талаар тархсан, Өмнөд Сибирь, Монголын хойд талаар нутагладаг.

 

ЦООХОР ИРВЭС

Махчин амьтны  баг, муурын овог бөгөөд биеийн урт нь 110-130 см, сүүлний урт нь 92-105 см, жин нь 20-40 кг, намхан урт биетэй. Хар толбо бүхий хар саарал өнгөтэй. Хэвлийдээ толбогүй. Дундад Ази, Өмнөд Сибирьт, Монгол Алтай, Говийн Алтайн нуруу, Алтайн өвөр говь, Өмнөговийн зарим уулс хангайн нурууны өвөр бие хэсэг, Хөвсгөл нуураас баруун тийшэх өндөр уулсаар тархсан амьтан юм. Эмэгчин нь жил өнжиж төллөнө. Монголд амьдардаг араатан амьтдын дундаас хамгийн хүчирхэг нь цоохор ирвэс юм. Дэлхий дээр ердөө 3500 орчим цоохор ирвэс байдгаас 1000-1200 орчим нь манай оронд амьдардаг юм байна.

 

МОНГОЛ ХУЛАН

Монгол хулан.нь хөхтөн амьтны аймгийн Битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг амьтан юм. Өмнөговь, Дорноговь , Говийн баруун хэсгээр тархсан байдаг. Монголд 1953 оноос эхлэн Хулан агнахыг хуулиар хориглон дархалсан. Хулан нь хэд хэдэн төрөл байдаг бөгөөд хоорондоо бие бялдар өнгө зүсээрээ ялимгүй ялгаатай. Жишээлбэл: Монгол хулан, Төвд хулан, Туркмен хулан гэж ангилдаг.

 

ХАВТГАЙ

Хавтгай нь хөхтөн амьтны аймгийн хос туурайтны баг болох тэмээний овогт багтдаг амьтан. Дэлхийд гоц ховор амьтны нэг. Хавтгай агнах , түйвээхийг 1930 оноос хойш хуулиар хатуу хориглон дархалжээ. Улирлын үндсэн бэлчээр уудаг задгай усыг нь хүн суурьшиж, мал бэлчээхээс чөлөөлж тайван бүс тогтоох, үргээж түйвээхгүй байлгах гэрийн тэмээтэй холилдож эрлийзжихээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор дархалсан  юм .

 

ТАХЬ

Тахь нь хөхтөн амьтны аймгийн битүү туурайтны баг болох адууны овогт багтдаг үзэсгэлэнтэй амьтан. Зун, хавар, намар задгай усанд тогтмол ирдэг. Өвөл уулын бэл,толгод, намхан уулсын хавцал жалгаар байршдаг. Байгаль түүний нөөц баялгийг хамгаалах олон улсын холбооны улаан номонд нэр нь орсон. Монгол улс 1930 оноос эхлэн тахь агнахыг хуулиар хатуу хориглон дархалжээ.

 

МАЗААЛАЙ

Мазаалай нь хөхтөн амьтны аймгийн махчдын баг болох баавгайн овогт багтддаг амьтан юм. Говь цөлийн хадат уулс, хавцал хөндийд булаг шанд задгай усны ойролцоо нутаглана. Хадны агуй, хонгил, зэгс, заг, сухайн ширэнгэд хэвтэр үүрээ засч ичээлнэ. Монгол нутагт Баруун хэсгээр Аж богдын зүүн үзүүр, Зүүн хэсгээр Тост Нэмэгт уул, хойд хэсгээр Захуй, Зарман, Эдрэнгийн нуруу, урд хэсгээр улсын хил хүртэл тархсан байдаг.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
1 (1 үнэлгээ)

Сэтгэгдэл бичих