huuhdiin iogiin dasgal

Бяцхан үрсэд тань зориулсан ИОГ-ийн дасгал

~Бяцхан үрсэд тань зориулсан ИОГ-ийн дасгал~

Анхаарах зүйлс:

-Дасгалыг хийх бүрт ээ удаанаар хамраар амьсгаа авч, удаанаар амаараа гаргана.
-Дасгал бүр дээрх позоор ойролцоогоор 30 секунд зогсооно /сарын дараанаас хугацааг 45 сек болгож болно/
-Дасгал бүрийн ард 10 сек орчим бүх биеэ суллан амрах нь зүйтэй

1. ГҮҮР
Зураг дээрх дасгалыг хийхдээ аль болох таазаа дээш өргөхийг сануулаарай. Хүүхдүүд насанд хүрэгчдийг бодоход илүү уян хатан байдаг учир таазаа маш өндөрт өргөж чаддаг. Шагайгаа аль болох өгзөгтөө ойртуулах гээд хичээгээрэй. Энэ дасгал цусны эргэлтийг сайжруулна. Мөн өсөлт, хөлийн булчин, шагайн хөгжилд сайнаар нөлөөлнө.

2. ГУРВАЛЖИН
Эхлээд өвдөг дээрээ сууж байгаад босговол байрлалаа олоход хялбар болно. Аль болох дан өлмий дээр биш, хөл гар бүтнээрээ газарт хүрч байхад анхаараарай. Мөн чадах хэмжээгээрээ өгзгөө өндөрт өргөж, өвдөг хэсгээрээ тэгшхэн байлгавал сайн.Энэ дасгал нь тэвчээртэй, тогтвортой болгох амьсгалын тогтолцоог сайжруулах ач холбогдолтой.

3. ХАВИРГАН САР
Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоод хоёр алгаа зурагт үзүүлсний дагуу сум хэлбэртэй болгоно. Тэгээд хоёр хажуу уруу ээлжлэн хавирган сарны хэлбэр үүсгэн зогсоорой. Хавирган сарны дасгал нь биеийн хажуугийн уян хатан байдлыг сайжруулна. Хажуугийн уян хатан байдал сайн хөгжөөгүйгээс шалтгаалан насанд хүрэгчид эвгүй хөдлөх төдийхнөөр гэмтэх тохиолдол байдаг. Энэ дасгал тэр аюулаас хамгаалахад тусална.

4. МОД
Эхлээд хөлөө нийлүүлэн зогсоно. Дараа нь нэг хөлөөрөө нөгөө хөлнийхөө шилбэ орчимд аваачна. Хамгийн сүүлд гараа зурагт үзүүлсний дагуу барина. Нүдээ аниад хийх нь зүйтэй. Дасгалыг хоёр хөл дээр ээлжлэн хийлгүүлээрэй. Энэ дасгал нь бодол санааг цэгцлэх, тэнцвэртэй болгох тустай. Ихэнх хүүхдүүд бодол санаагаа цэгцлэх, чимээгүй байх талаар ойлголтгүй байдаг. Харин энэ дасгалыг хийснээр түр хугацаанд ч болтугай бодлоо сонсох, чимээгүй байхын ашиг тусыг анзаарах боломжтой болно.

5. УУЛ
Хөлөө шагайгаараа нийлүүлж зогсон, мөрөө сул тавьж, гараа цээжин дээрээ аван зогсоно. Энэ хялбар дасгал нь амар тайван, айдасгүй, ядаргаагүй болоход тустай.

6. ТОГЛООМОН ХҮҮХЭЛДЭЙ
Хөлөө нийлүүлж зогсоод, нүүрээ аль болох хоёр өвдгөндөө нааж зогсоно. Тэнцвэртэй байж, унахгүйн тулд хоёр гараараа хөлийн ул хэсгээс барьж өгнө. Хэрвээ танай хүүхэд дасгалыг төвөггүй хийж байгаа бол аль болох өвдгөө нугалахгүй байхад нь анхаараарай.
Дасгалыг тогтмол хийснээр уян хатан байдал болон цусны эргэлтийг сайжруулна. Мөн өсөлтөд сайнаар нөлөөлнө.

7. АЗ ЖАРГАЛТАЙ БЯЦХАН ҮР
Нуруугаараа дээшээ харж хэвтээд хөлөө дээрээ авчирна. Тэгээд хоёр гараараа хөлийн тавхайн гадна талаас барьж өгнө. Ингэж барьсны дараа хоёр хөлөө аль болох хол зайтай болгож салгаарай. Зураг дээрх дасгал нь сээр нурууны буруу гаж хөгжлөөс сэргийлж, аарцгийн ясны хөгжилд сайнаар нөлөөлнө. Дасгалыг зөв тогтмол хийж сурвал, ирээдүйд ээж болоход тун тустай.

8. ЭРВЭЭХИЙ
Зурагт үзүүлсэн дасгалыг хийхдээ хамгийн гол эгц суух шаардлагатай. Хэрэв эгц суухгүй бол дасгал буруу хийгдэж, биеийн хөгжилд сөргөөр нөлөөлнө. Аль болох аарцаг хэсгээрээ хөлөө сайн дэлгэж, хоёр тавхайгаа нийлүүлэн сууна. Эрвээхий дасгал нь шагайн ясны уян хатан байдал болон аарцгийн ясны хөгжилд тустай.

9. БАЛАСАНА
Хүүхдээ доошоо харуулан хэвтүүлнэ. Түр амарсны дараа өвдгөө гэдэс орчмоо авч ирээд, тавхайгаа дээшээ харуулна. Зурагт үзүүлсний дагуу гарын алгаа доош харуулан аль болох урагшаа сунгана. Гараа урагшаа урт сунгах тусмаа сайн.Энэ нь өмнөх дасгалуудын нэгэн адил сунгалт, уян хатан байдлыг хөгжүүлнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих