supermarket

Супермаркетаас ЗӨВ сонголт хийж чадах уу…

    Хүмүүс лангуунаас илүү супермаркетаас худалдан авалт хийхийг илүүд үздэг болсон. Мэдээж супермаркет бидэнд бараагаа тухтай үзэх, үнийг нь харьцуулах гээд олон давуу тал боломжийг олгодог. Үүний сацуу зарим нэг зүйлийг анзаараагүйгээс ашиггүй наймаа хийх тохиолдол маш их гардаг байна.

Мэдээж супермаркетууд ч гэсэн ашиг олохын төлөө ажиллаж байдаг. Таны худалдан авалт бүр тэдэнд ашиг оруулах тул хэнийг хэрхэн их худалдан авалт хийлгэх санаануудыг өдөр бүр маркетингийн ажилтнуудаасаа нэхэж байдаг. Худалдан авалт хийлгүй амьдарна гэдэг худлаа ч сонголтоо зөв хийх дараах зөвлөгөөнүүдтэй танилцаарай.

Мэдээж гадуур явдаг ажил ихтэй хүмүүс нэг л мэдэхэд өөрийгөө ямар их өлсөө вэ гэж бодох нь бий. Энэ үед дэлгүүр орох бодол төрж болно. Гэвч ороод олигтой идчихмээр зүйл олохгүй хэрэгцээгүй зүйл авах нь бий. Тэгвэл та өлссөн үедээ супермаркет руу бүү орж бай. Энэ нь таныг ашиггүй, хэрэггүй наймаа хийх том хүчин зүйл болдог.

  1. Супермаркет орохоосоо өмнө юу авах, хэдэн төгрөгт багтаахаа тооцоолох хэрэгтэй. Мөнгө байхад ороод авах юм олдоно гэсэн хий бодлоор орох хэрэггүй. Өөрөөр хэлбэл та төсөвлөх хэрэгтэй гэсэн үг. Учир нь хүн супермаркетад орохоороо төлөвлөөгүй байсан зүйлээ худалдаж авах нь их байдаг байна. Та супермаркетад ороод таалагдсан зүйлээ шууд л авдаг. Харин лангуунаас бол тэгэхгүй шүү дээ. Үүний дараа та хэрэггүй ч авчхав уу даа хэмээн бодох болно. Мөн үүнээс зайлсхийх сайн арга бол юу авахаа цаасан дээр бичих. Тэгээд зөвхөн цаасныхаа жагсаалтын дагуу ямар тасаг дээр очихоо шийдэх хэрэгтэй. Эс тэгвээс та төлөвлөөгүй тасгуудруу орж, төлөвлөөгүй зүйлийг худалдан авах болно.
  2. Хямдралын үеэр худалдаа хийх. Зарим супермаркетууд хямдрал зарладаг тодорхой өдөр, цагуудтай байдаг шүү дээ.
  3. Супермаркет руу орой, эсвэл хэт эрт орох хэрэггүй. Учир нь орой бараануудаас хамгийн муу нь тунаж үлдсэн байдаг тул та хамгийн гологдол барааг авна гэсэн үг. Харин хэт эрт дэлгүүр орох үед бараанууд нь ирж амжаагүй тохиолдол байх тул та өчигдрийн гологдол бүтээгдэхүүнүүд буюу удсан бүтээгдэхүүн авах болно гэсэн үг юм. Тиймээс та хэт орой, хэт эрт супермаркет орохгүй байх нь таныг муудсан бараа авахаас сэргийлэх болно.
  4. Супермаркетад дэлгүүр хэсэх нь мөн таныг хүсээгүй үнээр бараа авахад хүргэнэ. Та сүү авахаар супермаркет орлоо гэхэд таны хүссэн үнээс илүү үнэтэй байсан ч та авах л болно шүү дээ.

    maninsupermarket

     

  5. Супермаркетуудын нэг том нууц гэвэл тэд өндөр үнэтэй бараануудыг хүний нүдэнд ил харагдахаар газар, мөн бараануудын хамгийн дээд талд тавьдаг явдал юм. Тэгэхээр та энэ аргад нь хуурагдахгүйн тулд сайн үзэж харах хэрэгтэй. Магадгүй дээр байгаа барааны доох арай хямд үнэтэй аятайхан бараа байхыг хэн мэдэх билээ. Мөн эгнээд өрсөн бараануудын дээд эгнээнд дандаа үнэтэй бараанууд байгааг та супер маркетэд орсон хойноо харж болно. Харин арай хямд бараанууд нь хамгийн доод талын эгнээнд өрөгдсөн байгаа шүү.
  6. Зарим супермаркетуудын хэрэглэдэг бас нэгэн арга бол үнэ хямдраагүй бараануудыг хямдарсан гэж бичих. Жишээ нь нэг барааг хямдруулсан бол түүнийгээ хямдруулаагүй бас нэгэн ижил төстэй барааны хажууд тавьдаг. Тэгээд таныг төлбөрөө хийх үед танд “Энэ хямдраагүй бараа байна. Та андуурсан байна“ гэж танд хэлэх болно. Энэ үед хүмүүс ихэнхдээ дургүйцэх боловч барааг аргагүй худалдаж авахад хүрдэг юм. Магадгүй та ийм явдлуудтай учирсан байх.
  7. Мөн ундаа, чипс зэрэг зугаа гаргахдаа авдаг зүйлсийг дандаа хамтад нь тавьсан байдаг. Энэ нь таныг баяр тэмдэглэх гэж явах үед тань хэмжээнээс тань их зүйл авахад хүргэдэг юм шүү.
  8. Хямдрал зарласан сургаар юм худалдаж авах гэж яарах хэрэггүй. Яг ямар бараа хямдарсныг эхэлж мэдээд харин дараа нь супермаркет руу явах эсэхээ шийдэх хэрэгтэй. Учир нь зөвхөн зарагддаггүй, өргөн хэрэглээний бус бараанууд хямдрах нь элбэг байдаг.
  9. Ингээд хамгийн сүүлд өгөх зөвлөгөө бол та төлбөрөө хийж дууссаны дараа супермаркетаас яарч гарах гэсний хэрэггүй. Учир нь та эхлээд төлбөрийн хуудсаа шалгах хэрэгтэй. Таны барааг давтан бичсэн, эсвэл өөр үнээр бичсэн зэрэг алдаанууд маш их гардаг юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих