Хүн эхийн хэвлийд бүрэлдэн бий болсноос амьдралын хугацаа дуусах хүртэл секунд ч амардаггүй ажилдаг эрхтэн бол зүрх юм. Энэ чухал зүйлийг хүн хайрлаж чадвал илүү урт удаан насална. Дэлхий дээр жил бүр 17.5 сая хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг. 2030 он гэхэд энэ тоо 23 сая болж өсөх төлөвтэй байна. Энэ байдал үргэлжилсээр байх ёстой гэж үү?
Бид өөрсдийн амьдралдаа өчүүхэн зүйлсийг өөрчилснөөр илүү удаан, илүү аз жаргалтай, илүү эрүүл-зүрхтэй амьдрах боломжтой.
Та ердөө доорх 3 зүйлийг мөрдөхөд хангалттай.
Эрүүл зөв хооллох
Дасгал хөдөлгөөн тогтмол хийх
Тамхинаас гарах
Эрүүл хооллож, уух зүйлээ ухаалгаар тохируулахдаа:
Чихэрлэг ундаа болон жимсний шүүс хэрэглэхээс татгалзах. Оронд нь ус эсвэл чихэргүй шүүс хэрэглэх
Амттаныг цэвэр жимсээр орлуулах
Өдөрт 5 удаа жимс ба ногоогоор баялаг хүнсээр хооллохыг хичээх. Эдгээр нь шинэхэн, хөлдөөсөн, хатаасан байж болно.
Согтууруулах ундааг хэрэглэх бол зохистой хэмжээг мөрдөх
Лаазалсан болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг хязгаарлах. Эдгээр бүтээгдэхүүнд давс, чихэр ба өөх тос их хэмжээгээр агуулагдаж байдаг.
Илүү идэвхтэй хөдөлгөөн хийхдээ:
Өдөрт дунд зэргийн эрчимтэй хөдөлгөөнийг 30 минутаас доошгүй хийх (долоо хоногт 5-аас доошгүй удаа)
Эсвэл, долоо хоногт дор хаяж 75 минут эрчим ихтэй хөдөлгөөнийг хийх
Тоглох, алхах, гэрийн ажил хийх, бүжиглэх. Энэ бүгд идэвхтэй хөдөлгөөнд тооцогдоно.
Өдрийн туршид аль болох идэвхтэй хөдөлж байх. Лифтний оронд шатаар гарах, машин унахын оронд алхах эсвэл дугуй унах
Дасгал хөдөлгөөнийг найз нөхөд болон гэр бүлийнхэнтэйгээ хамт хийх. Илүү хөгжилтэй, үр дүнтэй байх болно.
Өөрийн хөдөлгөөний үр дүнг хянах. Гар утсан дээрээ алхалт, хөдөлгөөнийг хэмждэг аппликэйшн суулгаж тогтмол хянах
Тамхинаас гарахдаа:
Тамхи татахгүй байх нь зүрхээ эрүүл байлгах хамгийн чухал зүйлийн нэг юм.
Тамхинаас гараад 2 жил болоход л зүрхний ишеми өвчнөөр өвдөх эрсдэл эрс буурдаг.
Тамхинаас гараад 15 жил болоход зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл нь тамхи татдаггүй хүнийхтэй адилхан болдог.
Дам тамхидалт нь тамхи татдаггүй хүмүүст зүрхний өвчин үүсэх шалтгаан болдог.
Тамхинаас гарснаар зөвхөн өөрийгөө эрүүлжүүлээд зогсохгүй эргэн тойрныхоо хүмүүсийг эрүүл байхад нь тусална.
Хэрэв та тамхинаас гарч чадахгүй байгаа бол тамхинаас гарахад тань тусалж чадах мэргэжлийн хүмүүсийн тусламжийг аваарай.
Цусанд глюкозын (цусны сахар) хэмжээ их байх нь чихрийн шижин өвчний (ЧШӨ) илрэл байж болно. ЧШӨ-тэй хүмүүсийн дийлэнх нь зүрх судасны өвчнөөр нас бардаг. Иймд, ЧШӨ-нийг оношлохгүй эсвэл эмчлэхгүй орхивол зүрхний өвчин болон цус харвалт үүсэх өндөр эрсдэлд өртөх аюултай юм.
Артерийн даралт (АД) ихсэлт нь зүрх судасны өвчний гол эрсдэлүүдийн нэг юм. АД ихсэлт нь “Чимээгүй алуурчин”-д тооцогддог, учир нь ихэнх тохиолдолд аюултай шинж тэмдэг илэрдэггүй тул дийлэнх хүмүүс АД ихсэлттэй гэдгээ ч мэдэхгүй явсаар байдаг.
Цусанд өөх тос (холестерол) ихсэлт нь жилд 4 сая гаруй нас баралттай хавсарч тохиолддог. Иймд, та эмчид хандан зүрх судасны өвчний эрсдэлийн зэргээ (цусанд өөх тос, биеийн жингийн индекс г.м үзүүлэх) тодорхойлуулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг заавал аваарай!
ИЛҮҮ УДААН, ИЛҮҮ ЖАРГАЛТАЙ АМЬДРАХЫН ТУЛД ЭРҮҮЛ
ЗҮРХИЙГ ӨӨРӨӨСӨӨ ЭХЛҮҮЛ!
А.Чингэстэй