Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/776 дугаар захирамжаар баталсан “Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олгох журам”-ын дагуу төрийн өмчийн 15 сургууль, 17 цэцэрлэгт 249 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгов.
Индексийн урамшуулал олгож байгаа нь сургууль, цэцэрлэгийн менежментийг сайжруулж, хүүхэд бүрт сурч, хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байгаа бөгөөд төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийг байгууллагын менежмент, сурлагын амжилт, чанарын ахиц, хүмүүжил төлөвшил гэсэн үндсэн үзүүлэлтийн дагуу шилдэг байгууллага, хамт олныг шалгаруулж байгаагаараа онцлогтой юм.
Шилдгээр шалгарсан сургууль, цэцэрлэгүүдийн туршлагыг түгээн дэлгэрүүлэх “Харилцан суралцаж-хамтдаа хөгжье” арга хэмжээг нийслэлийн найман дүүргийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгүүдийн дунд зохион байгууллаа.