~Эрэгтэйчүүдэд ч ялгаагүй ЦЭВЭРШИЛТ явагддаг…~
Ерөнхий
Цэвэршилт буюу тодруулбал бие махбодын физиологийн насны өөрчлөлт явагддаг цэвэршилтийн үе нь эрэгтэй эмэгтэй хvн бvрийн амьдралын жам ёсны үе шат юм. Ялгаа нь зөвхөн энэ өөрчлөлт нь эрэгтэй хүнд эмэгтэй хүнээс хожуу, 50-60 насанд аажмаар явагддаг. Энэ үеэр эр бэлгийн үндсэн даавар болох тестостероны түвшин буурснаас болж бэлгийн идэвх аажмаар буурдаг.
Шалтгаан
Нас ахих үед эрэгтэй хvний тархины чухал хэсгvvдийн нэг болох гипоталамуст зvй ёсны өөрчлөлт явагддаг. Энэ нь vндсэн дотоод шүүрлийн булчирхай болох гипофизын үйл ажиллагааг зохицуулагч эрхтэн юм. Өөрчлөлтийн vр дvнд эр бэлгийн булчирхай болох төмсөгний үйл ажиллагааг дэмжигч дааврын боловсруулалт алдагддаг. Yvнтэй зэрэгцэн төмсгөнд өөрт нь насны өөрчлөлт гарч эд нь аажмаар холбогч болон өөхөн эдээр солигддог. Энэ бvгд хийлээд төмсөгний тестостерон боловсруулалт буурахад хvргэдэг. Тестостерон нь эр хүний бие махбодид төмсөг, түүний дайврууд, үрийн цэврүү болон түрүү булчирхайн үйл ажиллагааг зохицуулж байдаг. Тэрээр эр бэлгийн эс боловсролтыг дэмжиж, мөн либидо, бэлгийн сэрэл ба дур ханалтын идэвжилтийг тодорхойлж байдаг. Даралт ихсэх өвчин, судасны хатуурал, чихрийн шижин, архидалт зэрэг дагалдах өвчнvvд нь багагvй чухал нөлөөтэй байдаг.
Явц
Гол төлөв эрэгтэй хүнд цэвэршилтийн шинж тэмдэг нь хөгшрөлтийн шинжтэй хамт аажмаар илэрдэг. Гэхдээ эр хvйсний төлөөлөгчдийн арваас хоёрт нь “цус хөөрөх” мэдрэмж төрж, халуу оргин, хөлөрч, зүрх дэлсэн ( зүрхний цохилт түргэсэх ), агаар дутагдах мэт болж, толгой эргэх, цээжний зүүн хэсгээр шархирч өвдөх зэрэг шинж илэрч болдог. Үе үе даралт нь ихсэн, цочромтгой, уур уцаартай болж, ой тогтоолт болон ухаан бодлоо төвлөрvvлэх чадвар нь муудна.
Ихэнх эрчүүдэд хямралын нас нь 50-55 –ын хооронд эхэлдэг. Энэ үед эрэгтэй хvн бэлиг эрхтэний хөвчрөл буурсантай холбоотойгоор өөрийгөө бvрэн чадвартай биш болсноо мэдрэн шаналж эхлэдэг. Энэ байдалд байнга анхаарлаа төвлөрvvлснээр байдлыг улам хүндрүүлсээр өвчин болон хувирах боломжтой. Бэлгийн үйл ажиллагааны алдагдал нь эрчүүдийн 80%-д нь дур хүсэл буурах, бэлгийн сулрал хэлбэрээр ажиглагддаг. Энэ нь хөвчрөл сулрах, хэт хурдан үрийн шингэнээ гаргах мөн дур ханалт алга болох байдлаар илэрдэг. Үүний зэрэгцээ мөн эр бэлгийн эсийн боловсролт буурна. Иймээс 65-70 наснаас ахмад эрчүүдэд үр тогтоох чадвар ( ховор тохиолдлыг оруулахгvй бол ) байдаггvй.
Тестостероны боловсролт бууралт нь ялангуяа түрүү булчирхайн үйл ажиллагаа алдагдах болон бүтцийн өөрчлөлтөөр тодорхой илэрдэг. Иймээс эрэгтэй хvний цэвэршилтийн үеийн ноцтой асуудал нь түрүү булчирхай -н томролт юм. Түрүү булчирхайн томролтын анхны шинжүүд бvр 30-40 насанд ч илэрч болдог. Түрүү булчирхайн томролт нь 50 насанд эрэгтэйчvvдийн 50%, 60 насанд 60%, 70 насанд 70% тохиолддог. Дотоод шүүрлийн алдагдал нь арьс, булчин улбагар болох, эмэгтэй хэлбэрээр өгзөг, гуя, цээжээр өөхлөх, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдах байдлаар илэрдэг.
Эмчилгээ
Дааврын жам ёсны өөрчлөлтийг өвчин мэтээр ойлгох үндэс байхгvй. Эрэгтэй хүнд энэ нь гол төлөв маш аажмаар явагддаг. Тэгээд ч бэлгийн булчирхайн үйл ажиллагааны бууралттай зэрэгцэн тусгай дотоод механизм үйлчилж эхлэн бие махбодыг явагдаж буй өөрчлөлтөд аажмаар дасгаж байдаг. Иймээс дийлэнх олонх эрчүүдэд бие махбодийн дааврын өөрчлөлт нь биеийн байдалд ч, ажиллах чадварт ч нөлөөлдөггvй. Тэр тусмаа эрэгтэйчүүдийн цэвэршилт нь цаг зуурын байдал юм. Ихэвчлэн 2-4 жил үргэлжилдэг. Зохистой хандлагатай vедээ эрчүүдийн цэвэршилт нь ноцтой үр дагавар үлдээлгvйгээр мөн янз бvрийн хямрал vvсгэлгvйгээр явагдаж өнгөрдөг. Иймээс хэрэв та бие махбодид тань явагдаж буй өөрчлөлтийг мэдэрсэн бол бvхнээс тvрvvнд цэвэршилт нь бvрэн бvтэн амьдралын төгсгөл биш бөгөөд харин энэ vед өөрийн сэтгэл мэдрэл болон сэтгэл хөдлөлийн тэнцвэрийг хадгалах нь маш чухал юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Чухам тухайн хэсгийн хямрал нь цэвэршилтийн хам шинжийн vндсэн асуудлыг бvрдvvлж байдаг шvv дээ.
Та болон таны ойр дотныхны хоорондын хэвийн харьцааг хадгалах мөн бие махбодид гарсан өөрчлөлтөд тэнцвэртэй хариу өгөх нь таны эрүүл мэндийг бvрдvvлэх гол хvчин зvйл юм. Гэвч ямар нэг өвчтэй байгаад тэр нь хурцдах эрсдэл байгаа учир эмч нар дөчин нас хvрсэн бүх эрчүүдэд, vе vе эрэгтэйчүүдийн эмч болон дотоод шүүрлийн эмчид хандаж урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх, харин өөрийн биед өвчний өөрчлөлт гарахыг мэдэрсэн даруйдаа яаралтай мэргэжлийн тусламж авахыг хатуу зөвлөдөг. Үзлэгийн үед бэлгийн эрхтнүүдийн судасны доплерограф болон дааврын шинжилгээ хийлгэх шаардлага гарч болно. Тестостероны боловсролт бууралт нь түрүү булчирхайн томролт болон түрүү булчирхайн өмөн үүсэх эрсдэлийн хvчин зvйл болдог тул бөөр шээс бэлгийн эмчид тогтмол үзүүлж зөвлөгөө авч, шинжилгээ хийлгэж байх хэрэгтэй. Vvнд шулуун гэдэсний хуруугаар тэмтрэх үзлэг, түрүү булчирхайн өвөрмөц эсрэг төрөгч тодорхойлох шинжилгээ ордог.