Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор газар чөлөөлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39, 40-р байрны хооронд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөллөө.
Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба хамтран оролцлоо.
Зөвшөөрөлгүй барьсан гараашийн эздэд газрын чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй тул ийнхүү албадан газар чөлөөллөө. Чөлөөлөгдсөн газарт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны цогцолбор барилга баригдах ба ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болох юм.