2019 оны улсын төсөвт гурван тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүнээс 34 хүнд элэг шилжүүлэх суулгах, 23 өвчтөнд бөөр, зургаан өвчтөнд ясны чөмөг шилжүүлэн суулгахаар шийджээ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багийнхан энэ сарын 12 нд 68 дахь удаагаа элэг шилжүүлэн суулгажээ. 2019 онд таван өвчтөнд нарийн төвөгтэй эл хагалгааг хийсэн байна. Ингэхдээ дөрвөн хүнд амьд, нэгд нь тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал хийжээ. 69 дэх хагалгаагаа өнөөдөр буюу энэ сарын 15-нд хийсэн юм.
Уг эмчилгээний зардал нь 85 сая төгрөг бөгөөд 2017 оноос улсын төсвөөс нийт өртгийн 90 хувийг нь хөнгөлөх болсон. Үүний үр дүнд өвчтөн 8-10 сая төгрөг төлөөд элэг шилжүүлэн суулгуулж байгаа. Манай эмч нар эх орондоо элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс, нүдний эвэрлэг шилжүүлэн суулгадаг болсон. Одоогоор 178 хүнд бөөр шилжүүлэн суулгаж, амьдрал бэлэглэжээ.