Бага насны хүүхдүүдийн сэтгэлгээг тэлж, оюун ухааныг нэмэгдүүлж, танин мэдүүлэх гэх мэт хүүхдийн хөгжилд тоглоом нэн тустай билээ. Монгол улсад олон арван сая тоглоом худалдаалагдаж байгаа ч чанарын шаардлага хангаж чаддаг болов уу. Хүүхдийн бие дээр харшлын шинжтэй тууралт, улаалт үүсэхэд идсэн хоолноос илүү тоглосон тоглоом нь нөлөөлсөн юм биш биз. Эцэг, эхчүүд та бүхэн хүүхдэдээ тоглоом авч өгөхдөө хэр их анхаарч авдаг бэ?
Хятад улсад үйлдвэрлэсэн тоглоом бүр муу биш
Дэлхийн тоглоомын зах зээлийн 85 хувийг Хятад улс дангаараа эзэлдэг. Хятад бараа чанар муутай гэдэг ойлголт Монголчуудад байдаг. Гэвч хүүхдийн тоглоомын хувьд стандартад нийцсэн чанартай тоглоомыг тус улс үйлдвэрлэдэг. Учир нь дэлхийн зах зээлийг энэ хүртэл эзлэхэд стандартыг нэн тэргүүнд тавих хэрэгтэй болдог. Манай орон болоод дэлхийн бусад бүх орнууд тэдний тоглоомуудыг шинжилдэг.
Үйлдвэрлэсэн улсаас илүү тэмдэглэгээг харах хэрэгтэй
Тоглоом сонгохдоо эко, аюулгүй бүтээгдэхүүний тэмдэглэгээтэй тоглоом сонгох хэрэгтэй. Энэ нь логотой байдаг. Энэ төрлийн тоглоом үнэтэй ч хүүхдийнхээ эрүүл мэндийн төлөө зөв сонголт хийгээрэй.
Хурц үнэртэй тоглоом хүүхдийн эрүүл мэндэд аюултай
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар жилд 15-аас доош насны 35000 хүүхэд ямар нэг байдлаар химийн хорт бодисын нөлөөллөөр амь насаа алддаг. Түүнээс хэд дахин олон хүүхэд химийн бодисын хурц болон архаг хордлогод өртсөөр байгааг дурджээ.
Тиймээс хөгжингүй орнуудад тоглоомын импортод онцгой анхаарч, лабораторийн шинжилгээнд хамруулан, хүүхдэд хор хөнөөлгүй гэж үзсэний үндсэн дээр буюу өөрийн улсын стандартад нийцвэл импортлох, худалдаалахыг зөвшөөрдөг байна.
ХҮҮХДЭДЭЭ АВАХ ТОГЛООМД АНХААРЛАА ХАНДУУЛАХГҮЙ БОЛ ХАРШЛААС ЭХЛЭЭД НӨХӨН ҮРЖИХҮЙ, МЭДРЭЛД ХОРТОЙГООР НӨЛӨӨЛНӨ
Дэлхий нийтэд хүүхдийн тоглоомд химийн хортой бодис ашиглах нь нэмэгдэж, улмаар хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгааг нотолжээ.
Манай улсад ч мөн адил судалгаагаар баталсан. 2013 онд Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар шинжилгээнд орсон 62 тоглоомын 26 хувьд бодис болох хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэрэг химийн бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр гарсан байна.
Юу ч бодолгүй авч өгсөн тоглоом, таны хүүхдэд хэрхэн нөлөөлж буйг анхаарах нь зүй!