~Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн: Түрүү булчирхай үрэвсэж олон шалтгаан бий~
Сүүлийн үед манай эрчүүдийн дунд түрүү булчирхайн өвчлөл их тохиолдох болсон. Иймээс түрүү булчирхайн архаг үрэвслийн талаар салбартаа 40 жил ажиллаж байгаа Монгол Улсын төрийн шагналт, Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор, Улсын клиникийн төв эмнэлгийн Бөөрний мэс заслын тасгийн эрхлэгч, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Д.Нямсүрэнтэй дээрх өвчний талаар ярилцлаа.
-Манай улсад бөөрний эмгэг ямар түвшинд байна вэ?
-Бөөр шээсний замын эмгэг улсын хэмжээнд нийт өвчлөлийн гуравдугаарт, эмнэлэгт хэвтэж байгаа шалтгааны 4-5 дугаарт орж байна. Сүүлийн жилүүдэд жирэмсэн эхчүүд жирэмслэлтийн хоёрдугаар хагаст бөөрний хүндрэлээр эмнэлэгт ирэх тохиолдол олон болжээ. Эхчүүд жирэмсэн болохын өмнө биеэ бэлдэж, суурь өвчтэй бол эмчлүүлсний дараа жирэмсэлбэл жирэмслэлт хэвийн үргэлжилнэ.
-Бөөрний эмгэгээс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?
-Манай улс хүйтэн сэрүүн, эрс тэс уур амьсгалтай учир бөөр шээсний замын эмгэг түгээмэл байна. Бэлгийн замын халдварт өвчин нэлээд түгээмэл байгаа нь бөөр, шээсний замын эмгэгт нөлөөлж байгаа. Өдөрт 2-2.5 литр шингэн уувал бөөр шээсний замын эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Мөн эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзах нь зүйтэй. Мөн Монголынхоо хөрсөнд ургасан ногоо, монгол малынхаа махан хоолыг зохистой тохируулан хэрэглээрэй.
-Танай эмнэлэгт эмэгтэйчүүдээс гадна эрчүүд нэлээд ирж хэвтэн эмчүүлдэг. Эрчүүдийн бөөрний үрэвсэл, түрүү булчирхайн өвчнөөр хэр өвчилж байна вэ?
– Түрүүн булчирхайн өвчнөөр өвчилсөн 31-40 насны эрчүүдийн 8 хувь нь түрүү булчирхайн томролттой. 51-60 настай эрчүүдийн 50 хувь нь , 61-70 настай эрчүүдийн 70 хувь нь, 81-90 насны эрчүүдийн 90 хувь нь түрүү булчирхайн томролттой байдаг гэсэн судалгааны дүн байдаг.
Түрүүн булчирхайн асуудлыг би зөндөө л ярьдаг. Гэхдээ энэ удаа бас ярья. Түрүү булчирхай бол эрэгтэй хүмүүст байдаг нэлээд чухал эрхтэн.
Өөрөөр хэлбэл, манжин хэлбэртэй давсагны гарах хэсэг, шээсний сүвний амсар, умдагны ард байрладаг булчирхайлаг, булчинлаг эрхтэн байдаг. Энэ нь эрүүл хүнд 2.5-3 см диаметртэй байх ёстой. Үрийн шингэний нэгээхэн хэсэг буюу 30 хувийг үйлдвэрлэдэг ба эр бэлгийн эсийн хөдөлгөөнтэй байх, амьдрах орчин нь болж өгдөг. Хоёр үндсэн том хэлтэнтэй. Энэ хэлтэн нь 30 жижиг хэсэгтэй. Бүх хэсгээс нь шүүрэл ялгарч байдаг. Бас мэдээж хүний биед нэн чухал үүрэгтэй. Бэлгийн ажил хийх үед, үрийн шингэнийг гадагш цацаж, дур тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ мэтээр яриад байвал дуусахгүй олон юм байна.
-Энэ эрхтэн нь ямар, ямар хэлбэрээр өвчилдөг вэ?
– Ер нь сүүлийн жилүүдэд түрүү булчирхайн хорт хавдар ихсэх хандлагатай байгаа. Хорт хавдар нь 10, 20 жилийн өмнө хоргүй хавдрынхаа дөрвөн хувийг эзэлж байсан бол одоо зургаа, долоо зарим жил 10 хувийг эзлэх болоод байна.
Харин түрүү булчирхайн мэс заслын хувьд зөвхөн Улаанбаатарт хийгддэг. Хааяа нэг аймгуудад манай шавь нар хийж, оролдох тохиолдол бий. Түрүү булчирхайн хагалгаа жилд 500-600 удаа хийгдэж байна.
-Түрүү булчирхайн үрэвсэл юунаас болж үүсдэг вэ. Яагаад өсч байгаа юм бол?
-Нөхөн үржихүйн насныхны хувьд нэгдүгээрт, нянгийн гаралтай, хоёрдугаарт, бэлгийн замын янз бүрийн өвчнөө дутуу эмчлүүлснээс болж, гуравдугаарт, ямар ч халдвар, нянгүйгээр үрэвсэл үүсч болно. Тэгэхээр янз бүрийн шалтгаантай байна гэсэн үг. Даарч, хөрөх мөн архинаас ч болж үрэвсэж болно.
Хамгийн гол нь бэлгийн харьцаанд тогтмол орж байгаад больчихвол түрүү булчирхайн шүүрэл, генийн судас, үрийн шингэн, тунгалагийн шингэний зогсонгишлоос үүдээд нянгүйгээр түрүү булчирхай үрэвсэх тохиолдол бий. Тэгэхээртүрүү булчирхайн үрэвсэл заавал бэлгийн замын эсвэл нянгийн гаралтай байх албагүй. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.
-Юу түрүү булчирхайн үрэвсэлтэй болоход нөлөөлж байна вэ?
-Архидалт, эмийн буруу хэрэглээ, байгаль орчин, хүнс нөлөөлж байна. Манайхан ямар ч улсын бүртгэлд ороогүй, хараа хяналтгүй, эм нь ч юм уу, хор нь ч юм уу мэдэгдэхгүй юмыг гадны юм сайн гэж хэрэглэдэг. Ингэж сайн гэсэн бүхнийг савардаж, ам руугаа чихээд байхгүй, эмчийн заавраар эм хэрэглэх хэрэгтэй байна.
Мөн байранд амьдардаг хүмүүс хуучирсан цоргоноос зэвтэй ус уудаг. Дээр нь усны ариутгалын хлорын хэмжээ өсчихөөд байна. Гэр хорооллын айлуудын худаг, жорлон хоёр нь зэргэлдээ байж байдаг. Энд мөн хөрсний нэвчилт явагдаад, ус нь бохирдож байна. Наад захын Туул гол руу цэвэрлэх байгууламжийн ус орж байгаа.
Харин түүнийг уусан хүн, мал хордоно. Бид 50, 60 жил цэвэр мах, ундны ус хэрэглэж байсан. Өнөөдөр эргээд харахад байгалийн унаган төрх, идэж ууж байгаа бүх юм өөрчлөгдсөн. Үндсэндээ экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж байхгүй болоод монголчуудын хэлдгээр бүх юм бузартаж, бузарлагдаж, ариун дагшин байдлаа алдчихаад байна. Маландаа л гэхэд сүүний гарц, тарга хүчийг нь дээшлүүлэх гэж янз бүрийн тариа хийдэг болсон. Энэ бүгд түрүү булчирхай ч гэдэг юм уу, бусад эрхтэн системийн хөгжилд нөлөөлөхгүй гэсэн баталгаа байхгүй.
-Түрүү булчирхайгаа үрэвссэн гэдгийг яаж мэдэх вэ. Шинж тэмдгийн хувьд?
–Архаг үрэвсэлтэй хүний хувьд давсаг, умдаг, хярзан, шодойны уг, төмсгөөр битүү өвддөг. Үргэлж зовиур шаналгаатай болно.
Цаашилбал бэлгийн сулралд орж, бүр даамжирвал үргүйддэг. Энэ нь эргээд нийгэмд аюултай, гарз хохиролтой байдалд хүргэж байгаа юм. Ер нь гэр бүл салах, хүүхэд өнчрөхөөс эхлээд олон зовлон дагуулдаг.
-Өвчнийг яаж эмчилдэг вэ. Бүрэн эдгэрэх боломжтой юу?
– Сайн хичээгээд эмчлүүлэх юм бол эдгэрнэ. Харин эмчилгээн дундуураа гам алдаад даарч, хөрөх, архи уух, халуун ногоотой хоол идэх зэргээр болохгүй гэсэн бүгдийг хэрэглээд байвал эмчилгээ биш болно. Эмч юу гэж заасан, тэр дэглэмийг сайн биелүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа түрүү булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүс эмчилгээ хийлгэж байх үедээ архи уух юм бол хамгийн аюултай.
Монголчууд түрүү булчирхайг янз бүрээр л эмчилж байх шиг байна. Манай бөөрний мэс заслын тасгийн эмч нар евро стандарт буюу дэлхийн стандартын дагуу эмчилгээ хийдэг. Манай бусад эмнэлэг хэрэгтэй, хэрэггүй янз бүрийн аргаар л эмчлэх гэж оролдож байна. Гэхдээ түрүү булчирхайн архаг үрэвслийг долоо, 14 хоног, сарын хугацаанд эмчилдэггүй л байхгүй юу.
Хамгийн багаар бодоход 3-6 сар, ихдээ гурван жилийн дотор л сайн эмчлэгдэнэ. Гэтэл зарим нь өргөс авж байгаа юм шиг байдлаар хандаж байна. Тэгэхээр тогтсон нэг стандартаар эмчлэх тал дээр анхаарахгүй бол эрүүл мэндийн боловсрол багатай эрчүүд, залуучууд янз бүрийн байдлаар хохирох тохиолдол харагдаж байна.