Хатиг нь үсний угийн нянгийн шалтгаантай идээт халдвар бөгөөд жижиг хэмжээний буглаа юм. Ямар ч тоихиолдолд хатиг гарч эхлэсэн мөчөөс эхлэн тохирох антибиотикийг зөв тунгаар хэрэглэх нь эдгэрэлтийг түргэсгэж дахихаас сэргийлнэ.
Манайхан нэг хатиг гарсан нь бол 7 гарч байж дуусдаг хэмээн ярьдаг нь антибиотик эмчилгээ хийдэггүй, антибиотик нь үүсгэгч няндаа тэсвэртэй, бага тунгаар, цөөн хоног хэрэглэдэг, ариун цэврийн дэглэм баримтладаггүй зэрэгтэй холбоотойгоор дахидгийг тайлбарласан болов уу.
Антибиотик эмчилгээг өвчин эхэлсэн эхний хоногуудад хийж эхэлбэл хатиг идээлэхгүй шимэгдэж эдгэрэх магадлал өндөр болдог. Харин идээлсэн тохиолдолд заавал эмчид хандана. Учир нь гэрээр идээг шахаж гаргах нь хүүхдэд маш хүчтэй өвдөлт үүсгэх бөгөөд идээ нь халдвартай гэдгийг мэдвэл зохилтой.
~ХАТИГ гарвал антибиотикийн эмчилгээнд ор !~
Нээлт хийснээс хойш шарх 2-3 хоногт эдгэрнэ. Энэ хугацаанд шархыг нянгийн эсрэг савангаар өдөрт 2 удаа угааж болох бөгөөд Тамедины уусмалаар цэвэрлэнэ. Хатиг гарсан хэсгийг спирт, метилын хөх, бриллиант ногоон зэрэг уусмалаар арчих, УВЧ шарлага хийх зэрэг нь орчин үед хоцрогдсон барга юм.
Түүнчлэн цусаа солиулах гэж манайхан ярьдаг судасны цуснаас 5-10 мл-ийг авч антибиотиктой холин булчинд тарьдаг арга нь 1920-иод онд хэрэглэж байсан өнөө цагт хэдийнээ үеэ өнгөрөөсөн арга юм.
Хатиг дахилт өндөртэй өвчин гэдгийг хүмүүс сайн мэднэ. Иймд хатиг гарсны дараа хүүхдээ өдөр бүр шүршүүрт оруулж ариун цэврийг сайтар сахих шаардлагатай. Энэ үед ваннад оруулах нь тийм ч зөв биш. Мөн хатигийг боосон боолт, наалт зэргийг хүүхдэд ойртуулалгүй шууд хогийн саванд хаях ёстой.
Арьсыг маажих, гэмтээх, шавьжинд хатгуулах зэрэг нь хатиг гарахад нөлөөлдөг. Мөн харшилтай/диатезтай, тарган хүүхдэд хатиг гарах нь элбэг. Нүүрэн дээр гарсан хатиг менингит үүсгэж болзошгүй тул эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эхийн хөхөн дээр хатиг гарсан ч хүүхдээ хөхүүлэхийг үргэлжлүүлж болно.