Хүүхдийн өсөлтийн хэрэгцээг хангах уураг, илчлэгийг хоол тэжээлээрээ авч чадахгүй байх, байнга өвчлөх, халдварт өвчнөөр удаан хугацаагаар өвдсөн зэргээс хүүхдийн биеийн жин буурахыг тураал гэнэ.
Тураалтай хүүхдийг эмч сар бүр үзэж хооллолтын зөвлөгөө өгөх шаардлагатай байдаг. Тураал нь А, Д аминдэм дутал, цус багадалттай хавсарч байх нь их тул эмч оношилж А, Д аминдэм, төмрийн бэлдмэл уух шаардлагатай байгаа эсэх талаар зөвлөгөө өгнө. Хэрэв рахит болон цус багадалт хавсарсан байгаа бол Д аминдэм, төмрийн бэлдмэлийг эмчилгээний тунгаар, курсээр өгнө.
Эхийн сүүгээр хооллож байгаа 6 сартай хүүхэд тураалтай байгаа бол:
- 24 цагийн турш хүүхдийг хүссэн үед нь өдөр ч, шөнө ч ялангуяа шөнө сайн хөхүүлэх, шөнийн сүү илчлэг ихтэй байдаг ба хоногт 8-аас дээш удаа хөхүүлнэ.
- Хүүхэд хөхөө муу үмхэж хөхвөл дутуу хооллож жингээ нэмэхгүй.
- Эхийн хөх өвдөх, хөхний толгой хагарах, хөхний сүү бүрэн суллагдахгүйгээс эхийн хөхөнд сүү зангирах, сүү шинээр боловсроход саад болох зэргээс хүүхэд гүйцэд хооллож чадалгүй биеийн жингээ нэмэхгүй тохиолдол байдаг.
- Иймээс ээжүүд хөхөө зөв үмхүүлж хөхүүлэх хэрэгтэй. Хүүхэд сүүндээ цадсан бол хөхөө хөхсөний дараа үргэлжлүүлэн хөхөх болон удаан хөхөхийг хүсэхгүй өөрөө хөхөө хөхөхөө больж тайван унтана.
- Хүүхдийг зөв байрлалд тэвэрч хөхүүлнэ.
6-с дээш сартай хүүхэд тураалтай бол:
Хөхүүл бол хөхөө үргэлжлүүлэн 2 нас хүртэл нь хөхүүлнэ. 6 сартайгаас нь нэмэгдэл хоол өгч эхэлнэ. Тураалтай хүүхдэд өгөх анхны нэмэгдэл хоол нь тэжээллэг, илчлэг, амархан шингэх хоол байна. Тураалтай хүүхдийг 3 цагийн зайтай ойр ойрхон хооллоно.
Хүүхдийг хооллохдоо эцэг эх, асран хамгаалагч заавал хамт байж туслан, дэмжиж, урамшуулж байх шаардлагатай. Хүүхдэд дуртай хоолыг өгөгх нь хүүхдийн хоол идэх дуршлыг нэмэгдүүлдэг. Хүүхдийг тусад нь аяга, таваг, халбага, сэрээтэй байлгана. Шингэн зүйлс, цайг аяга эсвэл халбагаар өгөх хэрэгтэй ба угжны шил, хөхөлт хэрэглэх нь хүүхэд хөхөө хөхөхгүй болох муу талтай.