urt-tsagaan-tow

“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх бүтээлүүдэд иргэдээс санал авна

“Урт цагаан” үйлчилгээний төвийн өнөөгийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын дарга Ш.Үнэнбат “Урт цагаан үйлчилгээний төв өнөөдрийн байдлаар цахилгаан, усан хангамж болон дулаан хангамж байхгүй. Нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газар хангагч байгууллагуудтайгаа гэрээгээ цуцалсан байдалтай байна. Бид дам түрээсэлж байсан 200-300 иргэнтэй нэгбүрчилэн уулзаж, эхнээс нь ажлын байраар хангаж эхэлсэн. Нийслэлийн Төр, захиргааны 4 дүгээр байр буюу бидний хэлж заншсанаар Улаанбаатар шилэн банкны нэг, хоёрдугаар давхарт үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. “Урт цагаан” үйлчилгээний төв цаашид ямар болох вэ гээд иргэдийн зүгээс асуултууд ирж байгаа. Урт цагаан үйлчилгээний төвийн ажлыг байрыг сэргээх, иргэдээ буцаан байршуулах, хоёрдугаарт авто зогсоолын тоог нэмэгдүүлэх, мөн ногоон байгууламж цэцэрлэгт болгох, дөрөвдүгээрт жуулчдын гудамж гэсэн гол санаагаа хадгалан үлдэх ёстой. Үүнтэй холбогдуулан “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зарлаж байна” хэмээлээ.

~“Урт цагаан” үйлчилгээний төвийг дахин төлөвлөх бүтээлүүдэд иргэдээс санал авна~

Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитекторын ажлын албаны дарга А.Баттөмөр “Нийслэлийн өмчийн III дугаар байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төвийн барилгыг дахин төлөвлөх концепц, загвар зураг төсөл боловсруулах уралдаан зохион байгуулах тухай Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/520 дугаар захирамж гарсан. Энэхүү уралдааныг мэргэжлийн байгууллага, олон нийтийн оролцоотойгоор шинэ санаа, орчин үеийн техник технологийн шийдэл бүхий шилдэг санааг тодорхойлж, цаашдын бүтээн байгуулалтын эхлэлийг тавих зорилгоор 30 сая төгрөгийн шагналын сантайгаар зохион байгуулж байна. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь хүн, мэргэжлийн уран бүтээлчид, мэргэжлийн сургуулийн оюутан залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд оролцох боломжтой. Уралдааны концепц, загвар зураг төсөл боловсруулах хугацааг 2020 оны дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл зарлаж байна. Бүтээлийг тавдугаар сарын 11-ны өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Нийслэлийн төр, захиргааны байр “Хангарди” ордон, Хот байгуулалт, хөгжлийн газарт хүлээн авна” гэв.

Ирүүлсэн бүтээлүүдийг 2020 оны 05 дугаар сарын 12,13,14,15,16,17-ны өдрүүдэд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын вэб сайт www.uda.ub.gov.mn –д байршуулж, олон нийтийн саналыг цахимаар хүлээн авна. Уралдааныг дүгнэхдээ Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан Комисс хуралдаж, олон нийтийн саналын дүн болон уралдааны удирдамжид заагдсан шалгуур үзүүлэлтүүдийг үндэслэн шалгаруулна.

Уралдаанд ирүүлэх бүтээлүүдэд тавигдах гол шаардлага нь бүтээлийн санаа, шинэлэг байдал, үндэсний онцлог, түүх, соёлын хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологийн шийдэл бүхий олон төрлийн зориулалтаар ашиглах нөхцөлийг хангасан, иргэд, олон нийтийн худалдаа, ахуйн үйлчилгээ явуулах, албан контор болон үйлчилгээний зориулалттай ашиглах боломжтой байхаар төлөвлөх юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих