bayr

С.Баяр: Мэдээлэл өгөх ёстой сэтгүүлчид, захиалгат нийтлэл бичиж байгаа нь энэ салбарын ТОМ дутагдал

Монголын “Пулитцер” хэмээдэг сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах “Балдорж” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр боллоо. Энэ жилийн онцлог нь 2018-2019 оны шалгаруулалтаас эхлэн уг шагналд нэр дэвших бүтээлийг шүүгчдийн бүрэлдэхүүнд санал болгох эрхтэй зөвлөх багтай болсон. Улмаар “Балдорж” шагналын шүүгчдийн бүрэлдэхүүн нэр дэвших эрхээ I, II, III, IV улиралд олж авсан бүтээлээс “Балдорж” шагналтныг шалгаруулсан билээ.

Монголын дөрөв дэх засаглалын хамгийн том баяруудын тоонд ордог тус ёслолын ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, А.Ундраа, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, С.Баяр тэргүүтэй улс төр, нийгэм, эдийн засаг, соёлын салбарын зүтгэлтэн, хэвлэл мэдээллийн байгууллагуудын удирдлага, сэтгүүлчид оролцсон юм.

“Балдорж” шагнал хүртэхийн төлөө сэтгүүлчид бүтэн жилийн турш ур, ухаан шингэсэн сэтгүүл зүйн бүтээл урлаж, шударга шүүлтийн доор мэргэжлийн ур чадвараараа өрсөлддөг нь энэ шагналын үнэ цэнэ, босго хэр өндөр вэ гэдгийг илтгэдэг.

Тус ёслолын ажиллагааг 25 дахь Ерөнхий сайд С.Баяр нээсэн бөгөөд тэрбээр “Би найзынхаа талаар хэдэн үг хэлэх ёстой гэж бодож байна. Одоогоос 11 жилийн өмнө миний найз Ц.Балдорж агсны хамтран зүтгэгч, дотны найз нөхөд, гэр бүл, хүүхдүүд нь цуглаж Монголын сэтгүүл зүйн шилдэг шагнал гардуулдаг ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулдаг болох талаар ярилцаж байсан юм. Бид энэ арга хэмжээг сэтгүүлчдэд шинийг санаачлах, урам зориг өгөх зорилгоор санаачилсан. “Балдорж” шагналын анхны эзнээр МОНЦАМЕ агентлагийн одоогийн захирал Б.Ганчимэг шалгарч байсныг би санаж байна. Тэр үеэс хойш яг 10 жилийн дараа энэ тайзнаа дахин үг хэлж байгаад сэтгэл минь их хөдөлж байна.

Ц.Балдорж агсан Монгол Улсад чөлөөт хэвлэлийг хөгжүүлэхэд маш том хувь нэмэр оруулсан. Тэрбээр 40 жилийн өмнө “Үнэн” сонинд ид цахиур хагалж явсан авьяаслаг, нэртэй сэтгүүлч байлаа. Биднийг сэтгүүл зүйн салбарт сэтгүүлч гэж нэрлэгдэж явахад нөхцөл байдал өнөөдрийнхөөс өөр байжээ. Бид нэг намын бодлогыг олон түмэнд хүргэдэг байсан суртал ухуулагчид байсан нь үнэн. Гэхдээ 1980-аад оноос өөрчлөлт шинэчлэлтийн салхи нийгэмд сэвэлзэж эхлэхэд Ц.Балдорж найз маань биднийг манлайлж, хойноосоо дагуулж явсан юм. Түүний нийтлэл олон сэтгүүлчдийн урам зоригийг сэргээж, уншигчдад шинэ бодлыг төрүүлж, шинэ цагийг авчрахад ихээхэн нөлөөлсөн гэж би боддог.

Тэр цагаас хойш сэтгүүл зүйн орчин нөхцөл өөрчлөгдсөн. Хуучин цагт сонины нийтлэл, телевизийн нэвтрүүлгээс өөр контент байсангүй. Гэтэл өнөөдөр сэтгүүл зүйд цахим хэвлэл шинээр нэвтэрч, сонины нийтлэл хоцрогдох дээрээ тулжээ. Цахим хэвлэлийг хурдаараа гүйцдэггүй юм гэхэд нийтлэлийн чанараараа гүйцэх боломж сонинуудад бий.

Хэдийгээр би сэтгүүл зүйн салбараас холдоод удаж байгаа ч жирийн нэг уншигчийн хувьд энэ үгийг хэллээ.

Сайны хажуугаар саар зүйл их бий. 1970-1980-аад оны “суртал ухуулгын сэтгүүл зүй” одоог хүртэл арилаагүй байгаа нь харамсалтай. Мэдээлэл өгөх ёстой сэтгүүлчид өнөөдөр захиалгат нийтлэл бичиж байгаа нь энэ салбарын том дутагдал юм.

Эцэст нь хэлэхэд хайрт аавынхаа, мөн хайрт ханийнхаа үйл хэргийг амжилттай үргэлжлүүлэн авч яваа Н.Шүр, Б.Нандинтүшиг, Б.Номинтүшиг нарт чин сэтгэлээсээ талархаж явдгаа илэрхийлье” гэсэн юм.

Ийн бүтэн жил үргэлжилсэн сэтгүүл зүйн “их сунгаа” дүнгээ гаргахад сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нар “Хүрээлэн” төсөл: “Калмык” их нүүдлийн мөрөөр, “Говийн таван гайхамшиг” цуврал бүтээлээрээ хошой “Балдорж” шагналтнаар тодорч, цом, өргөмжлөл, 20 сая төгрөгийн эзэн боллоо.

Мөн арван нэг дэх удаагийн“Балдорж” шагналын тусгай байрын шагналыг ikon.mn сайтын ерөнхий редактор, сэтгүүлч Ч.Болортуяагийн ЖДҮ-г тойрсон цуврал нийтлэл, сурвалжилга, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянгын “Дулдуйтын Равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал нийтлэл, “ub.life” сайтын сэтгүүлч, редактор Б.Энхцэцэгийн “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлага хүртэв.

“БАЛДОРЖ” ШАГНАЛТНУУД

  • 2009 он – Бадамдоржийн Ганчимэг – “Үндэсний шуудан” сонин
  • 2010 он – Дэшигрэнцэнгийн Оюун-Эрдэнэ –“Өнөөдөр” сонин
  • 2011 он – Жамбалын ГАНГАА – “Өдрийн сонин”
  • 2012 он – Гомбожавын ОТГОНБАЯР – “Үндэсний шуудан” сонин
  • 2013 он – Жамъян-ОчирынТэгшжаргал – “Өнөөдөр” сонин
  • 2014 он – У.Ганбаяр, М.Буянбадрах – “Хүрээлэн” төсөл
  • 2015 он – Энхбаатарын Хүрэлбаатар – “Өдрийн сонин”
  • 2016 он – Цэвээндолгорын Цэвээнхэрлэн – “Засгийн газрын мэдээ” сонин
  • 2017 он – Б.Энхмарт –“Үндэсний шуудан” сонин
  • 2018 он – Т.Энхбат, Ж.Сувдмаа – “Өнөөдөр” сонин
  • 2019 он – У.Ганбаяр, М.Буянбадрах – “Хүрээлэн” төсөл
Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих