Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн өвчлөл өндөртэй 7 улсын дөрөвт орж байна. Сүүлийн 5 жилийн эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүрьеэ нь улсын хэмжээнд бүртгэгдэж буй нийт халдварт өвчний дотор дунджаар 9.8 хувийг эзэлж байна.
Эрүүл мэндийн сайд БНСУ-ын Сүрьеэгийн Үндэсний нийгэмлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа. УИХ-д сүрьеэгийн эсрэг лобби бүлэг байгуулагдаад хоёр дахь жилдээ ажиллаж байна.Тус бүлгийн гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Гэрээнд шинээр баригдах олон эмэнд дасал сүрьеэгийн эмнэлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх, мэргэжилтэн сургах, сүрьеэг эрт илрүүлэх урт хугацааны төсөл хэрэгжүүлэх, хүн амд энэ өвчний талаар мэдлэг мэдээлэл олгох чиглэл тусгагджээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2030 он гэхэд 100 мянган хүн амд ногдох сүрьеэгийн өвчлөлийг 13 хүртэл бууруулах зорилт тавиад байгаа юм.
Эрүүл мэндийн сайд Э.Сарангэрэл, Солонгосын Үндэсний Сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кон Ман Ху нар “Сүрьеэгүй Азийн төлөө” хамтран ажиллахаа энэ үеэр илэрхийллээ.