chadraa

Академич Б.Чадраа агсанд зориулан дурсгалын самбар байршууллаа

Монгол Улсын шинжлэх ухаан, төр нийгмийн нэрт зүтгэлтэн, ШУА-ийн ерөнхийлөгч асан, төрийн шагналт, академич Б.Чадраа агсны 80 насны ойг тэмдэглэх ажлын хүрээнд ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд өчигдөр /11.14/ эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, дурсгалын самбар байрлуулан, нэрэмжит танхим нээх ёслолын ажиллагаа боллоо. Тус арга хэмжээнд Б.Чадраа агсантай хамтран ажиллаж байсан найз нөхөд, эрдмийн хамт олноос гадна гэр бүлийнхэн нь хүрэлцэн ирж оролцлоо.

Б.Чадраа гуай 1939 онд Архангай аймгийн Тариат сумын Мөрөн багийн Ороох хэмээх газар Баатарын наймдахь хүү болон мэндэлсэн байдаг. 1963 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийг төгсөж, ажлынхаа гарааг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Байгалийн ухааны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтнаас эхэлж Физик, математикийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Физик техникийн хүрээлэнгийн захирал, Сэргээгдэх эрчим хүчний хүрээлэнгийн захирал,

~Академич Б.Чадраа агсанд зориулан дурсгалын самбар байршууллаа~

Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан-үйлдвэрлэлийн нэгдлийн Ерөнхий захирал, Электрон техник, эрдэм шинжилгээний багаж төхөөрөмжийн “Монел” үйлдвэрийн захирал, Улаанбаатарын Их сургуулийн захирал зэрэг албыг хашиж ирснээс гадна ШУА-ийн дэд ерөнхийлөгчөөр гурван удаа, ШУА-ийн Ерөнхийлөгчөөр гурван удаа, нийт 21 жил сонгогдон ажилласан шинжлэх ухааны авьяаслаг зохион байгуулагч эрдэмтэн байсныг хамт олон нь дурсдаг.

Академич Б.Чадраа сэргээгдэх эрчим хүч, сансар судлал, цөмийн физик, электроникийн судалгаа, Монгол Улсын хөгжил, шинжлэх ухааны бодлогын чиглэлээр 320 гаруй эрдэм шинжилгээний бүтээлийг гадаад, дотоодод нийтлүүлсэн эрдэмтэн. Шинжлэх ухааны доктор, профессор Б.Чадраагийн бүтээлээс цөмийн гаж бөөмс үүсэх үйл явц, түүний мэдээллийг анх олж ажигласан, их энергитэй сансрын эгэл бөөмсийн цөмтэй хийх мөргөлдөөнийг дэлхий дээр болон сансар огторгуйд судалсан, нар, салхи, био, геоэнергийн ашиглалтыг судлан туршсан, малчдыг нар, салхины эрчим хүчээр хангах багаж төхөөрөмж зохион бүтээж үйлдвэрлэсэн зэрэг ажлын үр дүн, Монголын үндэсний нэвтэрхий толь, Монголын байгаль орчны нэвтэрхий толь зэрэг бүтээлүүд нь гадаад, дотоодын эрдэмтдээс өндөр үнэлгээ авсан байдаг.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих