undesnii tsetserlegt hureelen_guiy tuuy ayan

Цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэх “Гүйе! Түүе!” аянд 300 гаруй залуус оролцоно

~Цэцэрлэгт хүрээлэнг цэвэрлэх “Гүйе! Түүе!” аянд 300 гаруй залуус оролцоно~

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” арга хэмжээг энэ сарын 30-нд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд “Азийн Гран При” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуусыг уриалан оролцох юм. Одоогоор 300 гаруй залуус “Гүйе! Түүе!” арга хэмжээнд оролцохоо мэдэгджээ.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир: “Иргэд бид өөрсдөө л хог тарьж байгаа. Иргэн бүр хогоо хогийн саванд хаядаг бол нийслэл хот маань хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо хаяхгүй байх, хаясан хогийг хогийн саванд аваад хаячих хандлагыг төлөвшүүлэх нь чухал юм.

Тиймээс бид хоггүй хотод амьдрахад иргэдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор залуучуудын сайн дурын оролцоотой “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас санаачлан 5 дугаар сарын 26-ны өдөр нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Тээврийн газар, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 24 байгууллагын албан хаагчид, “Монголын Бодибилдинг Фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, сайн дурын иргэд нийт 1,408 залуусыг оролцуулж 54,02 тонн хог цэвэрлэсэн.

Энэ удаа бидний үйл ажиллагааг дэмжин “Азийн Гран При Мистер Олимпиа” тэмцээний ялагчид болох 11 тамирчин, залуусыг уриалан оролцоно. Шилдэг тамирчин залуус маань нийгмийн хариуцлагын хүрээнд залуучуудыг уриалан өөрсдөө хог цэвэрлэхэд гар бие оролцон үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь сайшаалтай. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд гүйнгээ хог түүх их цэвэрлэгээнд сайн дураараа оролцох залууст нээлттэй байх болно” гэв.

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны ЕНБД С.Одбаатар: “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газартай хамтран залуучуудад болон нийгэмд хандсан олон сайхан үйл ажиллагааг зохион байгууллаа. Тэр ажлуудын нэг болох “ГҮЙЕ ТҮҮЕ” аяныг бид дэмжин оролцож байна. Манай холбооны тив, дэлхийн аварга тамирчид, залуу тамирчид маань идэвхтэй оролцоно.

Монголын Бодибилдинг Фитнессийн Холбооны баг тамирчид 2018 оны 5-р сарын 27-ны өдөр БНСУ-н Сөүл хотноо зохион байгуулагдсан “MR.OLYMPIA AMATEUR – ASIAN GRAND PRIX 2018” тэмцээнд амжилттай оролцоод эх орондоо ирсэн.

Тэмцээнд өндөр зэрэглэлийн буюу олон жил хичээллэсэн тамирчид оролцдогоороо онцлог бөгөөд “Азийн Гран При” хэмээн нэрлэж болно. Бодибилдинг фитнесс сонирхогчдын хамгийн өндөр чансаатай оргил тэмцээнд Монгол Улсаас эрэгтэй 12, эмэгтэй 4, нийт 16 тамирчин оролцож, 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль нийт 11 медаль хүртэж, 1 тамирчин “PRO CARD”-ын эзэн болсон.

Тэмцээний ялагчид бүгд орчноо сайн дураар цэвэрлэх “Гүйе! Түүе!” их цэвэрлэгээнд оролцох юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих