Energy-Drinks

Энергийн ундаа нь нөөц энергийг л сэргээдэг

Энергийн ундаа /Energy drink/-г монголчууд мэддэг, хэрэглэдэг болоод цөөнгүй жил болж байна. Ийм ундаа нь хүнийг сэргээж, оюуны чадавхыг сайжруулан, сэтгэл санааг нь дээшлүүлдэг. Энергийн ундаа нь дотроо 3 төрөлд хуваагддаг тул хүмүүс өөртөө тохирсныг худалдан авч болно. Ийм ундаа кофеиний, эсвэл амин дэм, нүүрстөрөгчийн хольцтой байдаг.

Кофеины найрлагатай энергийн ундааг цаг завгүй, өдөр шөнөгүй сурч, ажилладаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой гэдэг. Харин амин дэм болон нүүрстөрөгч агуулсан энергийн ундаа биеийн тамираар хичээллэдэг хүмүүст хэрэгтэй.

Гэхдээ энергийн ундаанд сөрөг тал нэлээд бий. Анагаахын шинжлэх ухаан энергийн ундаанаас сэрэмжлүүлдэг байна.  Өдөрт нэг лаазаас хэтрүүлж болохгүй гэж сануулдаг болоод байна.

Энергийн ундааг Франц, Дани, Норвеги зэрэг оронд албан ёсоор хориглосон байдаг юм байна. Учир нь тухайн улсуудад энергийн ундааг эм гэж үздэг учраас зөвхөн эмийн сангаар худалдаалдаг.

Бас 2015 онд ОХУ-ын Төрийн Думын гишүүд ч энергийн ундааг хориглох тухай хуулийн төслийг өргөн барьж байсан. Мөн 2014 онд  Шведэд энергийн ундааг архитай хольж уусан гурван залуу нас барсан байдаг.

Түүнчлэн Ирландын сагсан бөмбөгийн 18 настай тамирчин Росс Куни гурван лааз энергийн ундаа уугаад тэмцээний талбай дээрээ нас барсан эмгэнэлтэй хэрэг гарсан.

Ер нь энергийн ундаа глюкоз, кофеины агууламжтай байдаг учраас залуу бие махбодод тун хортой гэж үздэг байна. Тиймээс зүрх судасны өвчтэй, даралт ихэсч, багасдаг хүмүүст тохиромжгүй. Жирэмсэн эмэгтэйчүүд огт хэрэглэж болохгүй гэдэг.

Түүнчлэн энергийн ундаа та бидэнд энерги, эрч хүч өгдөг гэсэн хэрэг огт биш. Бид өөрсдийнхөө нөөц энергиэс зээлээр авч ашиглаж байгаа юм.

Энергийн ундааны хүчээр авсан эрч хүчээ эргүүлээд ядаргаа, нойргүйдэл, уур уцаар зэргээр нөхөж төлдөг байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих