3e2d5e_child-sneezing-1600x800_x974

Экологийн өөрчлөлт харшлын тоог нэмэгдүүлж байна

      Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашилж байна. Хүйтэн цагийн бэрх бүхэн дуус ч урин дулаан цаг ирж байна гэж хэлж болно. Гэхдээ өвлөөсөө ч дутахгүй асуудал зун ч бас байдгийг сануулах нь зөв. Ялангуяа таны эрүүл мэндэд нэн таагүй зүйл бол харшил. Та бүхэн анхаарлаа хандуулна уу…

Зогсоо зайгүй найтааж, нүдээ улайтал маажиж, нус нулимсандаа баригдан 2-4 сар зовдог нь энэ хүмүүсийн нийтлэг шинж. Зуны дэлгэр цагт гэрт, гадаа, хөдөө хотын хаана ч явсан энэ зовуураар шаналдаг бүх хүнд дахин нэг муу мэдээ дуулгах гэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр таны энэ зовуур улам дордож, хугацаа нь уртасна гэнэ. Хот суурин газар амьдрагсдын хувьд тоосны дэгдэлт улам хүчтэй болсоор зовуур нь бүр ч харгис болж байгааг бид өөрсдийн биеэр туулж яваа билээ.

Дэлхий дахинд 1970 оны үед 10 хүн тутмын нэг нь л харшил өвчнөөр шаналдаг байсан бол 2000 оны үед 10 хүн тутмын 3 нь харшилтай болжээ. Ургамлын тоосонцор, астматай иргэдийн тоо хот суурин газруудад илүү нэмэгдэж байна гэж судлаачид үзсэн. Манай нөхцөлд орчны бохирдол, тоосонцрын дэгдлийг намжаах ногоон байгууламж, ус чийг хангалттай байдаггүй нь зовуурыг улам дэвэргэж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дулаан өдрүүдийн тоо нэмэгдэж, хотын орчинд дулааны арал бий болсон учир ургамлын тоосонцроо хаях хугацаа уртсаад байгаа нь яалт ч байхгүй аймшигтай мэдээ.

Хэрэв дэлхийн дулаарал цаашид энэ хурдаараа үргэлжилбэл энэ зууны сүүлч гэхэд ургамлын харшил үргэлжлэх хугацаа дахин нэг сараар уртасна гэж АНУ-ын Астма, харшил судлалын хүрээлэнгээс сануулж байна. Харшил үүсгэгч тоосонцорт ургамал, моддын тархалт цаашид эрчимтэй нэмэгдэх бөгөөд төрөл зүйлийн хувьд ч олширч элбэгших нь. Ургадаггүй байсан хэсгүүдээр ч ургаж, амьдрах чадвар нь нэмэгдэнэ.

Энэхүү эрчимт тархалт цор ганц дулаарлаас биш гэдэг нь мөн судалгаагаар нотлогдсон бөгөөд агаар мандалд ихээр ялгарч буй нэг төрлийн хүлэмжийн хий болох нүүрсхүчлийн хийгээр тэжээгдэн улам хүчирхэг болж байгаа аж. Нүүрсхүчлийн хийгээр тэтгэгдсэн харшил үүсгэгч ургамлын тоосонцрын сөрөг нөлөө хоёр дахин хүчтэй харшлуулдаг гэнэ.   Нүүрсхүчлийн хий нь уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөгч гол хүлэмжийн хий билээ.  Харшил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг аль алинд нь та гам барих хэрэгтэй болно шүү.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих