emch-Bayraa

Ходоод, гэдэсний эмгэг ЗАЛУУЖИЖ байна!

Сургууль, цэцэрлэгийн орчимд түргэн хоолны газрууд олноор нээгдэж, шарсан хуурсан хүнсээр үйлчилж байгаа нь хүүхдийн ходоод, элэг цөсний өвчлөлийг эрс нэмэгдүүлж байгаа талаар эрүүл мэндийн мэргэжилтнүүд анхааруулдаг. Түргэн хоол гэлтгүй хүүхдүүддээ хоносон хоол халааж өгөх нь ходоод өвчлөх наад захын шалтгаан болдог байна.

10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол эмнэлгийн практикт гарчээ. Энэ нь хүүхдээ дөнгөж бор хоолонд орсноос нь эхлээд өөрсдийнхөө иддэг бэлэн гоймон, газтай ундаагаар хооллож байсны үр гэж үзжээ.

Уг нь ходоод, гэдэсний эмгэг ихэвчлэн 40 наснаас илэрдэг өвчин боловч сүүлийн жилүүдэд эрс залуужиж байгаа аж. Цэцэрлэгийн насны хүүхэд гэдсээ дарж уйлах, сургуулийн насныхан бөөлжихөөс тэдний ходоод, гэдэсний асуудалт өвчлөл эхэлж байгаагийн шинж гэнэ.

~10 сартай хүүхдийн ходоод шархалсан тохиолдол бүртгэгджээ~

Хүний гавьяат эмч, клиникийн профессор Д.Баяраа,

“Нэг удаа түргэн хоолны газар орох, эсвэл гэртээ боов, боорцог чихэрлэг зүйл, зайрмаг их хэмжээгээр идэхэд цусан дахь сахарын түвшин ихэсдэг. Үүнээс болоод хүүхдүүдийн хувьд элэг, цөсний үйл ажиллагаа байнгын дарамттай байснаас ходоод гэдсээ дарж уйлагнах шинж илэрдэг. Шинжилгээгээр тодорхой шинж илрэхгүй тохиолдол ч ажиглагдаж байгаа” гэв.

~Хүүхдийг амаар дамжуулан хооллохгүй байхыг анхааруулав~

Хүүхдийн ходоод эмзэг, үрэвсэхдээ хурдан. Хоносон хоол халааж өгөөд, амрыг бодож түргэн хоолоор тэжээж, амттай гээд хуурсан хайрсан хоол өгөөд, хүслийг нь дагаж чихэр, гурилан бүтээгдэхүүнээр хүүхдээ хооллоод байвал ходоодны үрэвсэл, цаашлаад шарх, хавдар үүсэх нь эрс нэмэгдэж байгааг эмч хэлж байна.

Түүнчлэн томчууд хүүхдээ амаараа дамжуулан хооллох, хоол идэхээс өмнө гарыг нь угаалгаж хэвшүүлээгүйгээс хеликобактери ходоодны хүчлээр тэжээгдэн өсөж үржих, цаашлаад элэгний В, С, делта вирус болох эрсдэл өндөр байдгийг эцэг эхчүүдэд анхааруулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих