Noirnii-tov

Нойрны асуудалтай иргэдэд үйлчлэх “Нойрны төв” нээлтээ хийлээ

Жил бүрийн гуравдугаар сарын 16-нд дэлхийн нойрны өдөр тохиож буйтай холбогдуулан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Монгол Улсдаа анхлан “Нойрны төв”-ийг байгуулж, нээлтээ хийлээ. Энэхүү төвд нойрны асуудалтай, нойргүйдсэн, их хурхирдаг, энэ төрлийн эмгэгээс болж асуудалтай байгаа иргэд хандах боломжтой. Ингэснээр “Нойрны төв” нь нойрны эмгэгүүдийг нойрны олон үйлдэлт бичлэгийн тусламжтайгаар оношлон, шаардлагатай өвчтөнүүдэд эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээг хийх аж.

Тус төв нь албан ёсоор нээлтээ хийх хүртлээ нийт 37 иргэнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлээд байгаа бөгөөд иргэд энэхүү төвд хандахын тулд харьяалал харгалзахгүй, ЭМД-ын дэвтрээрээ хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой юм байна.

ТТАХНЭ өнгөрөгч онд Бүгд Найрамдах Австри улсын 7 сая еврогийн төслийг амжилттай хэрэгжүүлж багаж тоног төхөөрөмжийн бүрэн шинэчлэл хийсэн бөгөөд уг ажлын хүрээнд Герман, Австри улсын Сомномедикс компанийн Нойрны олон үйлдэлт бичлэгний багаж хоёр, Японы Койка Медикал компанийн Эерэг даралтат тогтмол агаарын эмчилгээний гурван багажтайгаар Нойрны төв нь олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ явуулахад бэлэн болоод байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих