shutterstock_1062629861

Зарим хүнс хоол биш хор болдог

Дэлхий дээр таван үхэл тутмын нэг нь тэжээллэг муутай хоол, хүнснээс үүдэлтэй бөгөөд чихэр, давс, махны хэт хэрэглээ жил бүр олон сая хүний амийг авч одож байна. Дэлхий дээр нэг орчим тэрбум хүн хоол тэжээлийн дутагдалтай бол хоёр тэрбум хүн хоол тэжээлийн илүүдэлтэй байна гэж НҮБ-ын судалгаа харуулжээ.

“The Lancet” долоо хоног тутмын сэтгүүлд нийтлэгдсэн хоол хүнсний чиг хандлагын талаарх судалгаанаас үзвэл судалгаанд хамрагдсан 195 улс оронд бүгдэд нь буруу хооллолт түгээмэл байгаа бол эрүүл хооллолт хэт бага түвшинд байна.

Жишээ нь, дэлхийн хүн ам зөвлөсөн хэмжээнээс арав гаруй дахин их хэмжээний чихэрлэг ундаа хэрэглэж, зөвшөөрөгдөх хэмжээнээс 86 хувиар их хэмжээний сод хэрэглэж байна. Эрүүл мэндэд ашигтай бүхэл үр тариа, жимс, самрыг маш бага хэмжээгээр хэрэглэдэг нь тогтоогджээ.

Судалгаа нь тэжээллэг муутай хоол бусад хүчин зүйлсээс илүү үхэлд хүргэдгийг нотолжээ. Хоол хүнснээс үүдсэн нас баралтын түвшин Узбекистан улсад хамгийн өндөр байгаа бол Израйль улсад хамгийн бага байна. Түүнчлэн, эдийн засгийн тэгш бус байдал хоол, хүнсний тэжээллэг чанарт нөлөөлж буй нэг хүчин зүйл болохыг судалгаа харуулжээ.

Эмч нарын зөвлөсөн хэмжээний жимс, ногоонд зарцуулж буй зардал чинээлэг улс орнуудын дундаж гэр бүлийн орлогын хоёр хувийг эзэлдэг бол ядуу, буурай улс орны дундаж гэр бүлийн орлогынх нь 50 гаруй хувийг эзэлдэг байна. Жимс, ногоо, бүхэл үрийн хэрэглээ дэлхий даяар бага байгааг нотлоод зогсохгүй, содыг их хэмжээгээр хэрэглэж буйг тогтоосноороо энэхүү судалгаа чухал ач холбогдолтой байлаа гэж судлаачид үзэж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих